“Өмгөөлөгч хуралдаа ирэлгүй шүүхийн үйл ажиллагаанд саад учруулдаг”
муу нэрээс салах цаг болсон
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Мэргэжлийн ёс зүйн хороо нь олон улсын болон дотоодын хууль тогтоомж, эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмаар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлэхдээ өмгөөлөгч мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бус, бүтээмжтэй ажиллах арга ажиллагааг хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Мэргэжлийн ёс зүйн хорооноос явуулж буй үйл ажиллагаа, өмгөөлөгчдийн ёс зүйтэй холбоотой асуудлаар “Өмгөөлөгч” сэтгүүлийн дугаар бүрд мэдээлэл, санал зөвлөмж, нийтлэл хэвлүүлж байх зорилго тавьж байгаа бөгөөд энэ удаад “Өмгөөлөгч шүүх хуралдаанд шалтгаангүйгээр ирээгүйгээс үүдэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирдог” ёс зүйн зөрчлийн талаар нийтлэж байна.
Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр дамжуулж буй мэдээлэл болон шүүх, хууль хяналтын байгууллага, олон нийтийн дунд “өмгөөлөгч шүүх хурал хойшлуулж шүүхийн үйл ажиллагаанд саад учруулдаг” гэсэн сөрөг хандлага бий болжээ. Энэ нь өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа бөгөөд эл асуудлыг бид анхааралдаа авч шийдвэрлэх шаардлагатай байна.
Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас 2008 оны 03 сарын 20-ны өдөр зохион байгуулсан Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Монголын өмгөөлөгчдийн холбоо, хүний эрх, ардчилал судалгааны төвийн хамтарсан “Өмгөөлөгчдийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт уулзалт, ярилцлагын үеэр Улсын дээд шүүхээс дараахи судалгааны дүнг танилцуулсан юм. Судалгаанаас харахад шүүх, прокурорын байгууллага, иргэд, хэвлэл мэдээллийнхний шүүмжлэл бодитой болох нь харагдаж байна.
Шүүхээс товлогдсон хуралдаа очдоггүй ёс зүйгээ зөрчсөн өмгөөлөгчийн үйлдлийн хувийн болоод ажил хэргийн зохион байгуулалт, ёс зүйн түвшин, зан байдалтай холбоотой субъектив шинжтэй шалтгааныг дурьдвал:
• үйлчүүлэгч өмгөөллийн хөлсөө төлөөгүй гэх,
• шүүх хурлын товыг мартах,
• өөр хурал давхацдаг/ажлын зохион байгуулалттай холбоотой,
• үйчлүүлэгчийн хуралд очихгүй байх талаарх ятгалга,
• хуралд оролцох бэлтгэл хангагдаагүй зэрэг олон шалтгааныг дурьдаж болно.
Өмгөөлөгчийн ёс зүйгүй байдлын үр дагавар нь:
• хүний эрх /сэтгэл санаа болон эд материал/ хохирох
• өмгөөлөгчдийн нэр хүнд унах
• иргэдийн өмгөөлөгчдөд итгэх итгэл алдрах
• цагдан хоригдож буй шүүгдэгчийн эрх ноцтой хохирох
• хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах зэрэг үр дагаврыг үүсгэнэ.
Уг зөрчлөөс сэргийлэх арга зам:
• хувийн болон ажлын зохион байгуулалт/менежментийг/-ыг сайжруулах
• багаар ажиллахыг эрмэлзэх
• өөрийн ёс зүйгээ төлөвшүүлэх
• зөрчилд хариуцлага тооцох механизм бий болгох
2007 оны 08 сарын 09-ны “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар ЭБШХ-ийн 242.1 дэхь хэсэгт “….. өмгөөлөгч…. шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж бичгээр заавал мэдэгдэх” гэсэн өөрчлөлт орсон. Хуулийн энэ шаардлагаар өмгөөлөгч та шүүх хуралдаан очиж чадахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шалтгаанаа шүүхэд урьдчилан бичгээр заавал мэдэгдэх үүрэгтэй болно.
Иймд хуулиар тогтоосон энэ үүргээ биелүүлээгүй өмгөөлөгч таны хэнэггүй зан, хувийн зохион байгуулалт муутай, хайхрамжгүй, ёс зүйгүй байдлаас чинь болж хүний эрх хохирох, мэргэжил нэгт нөхдийн тань нэр хүнд унаж болохыг үргэлж анхаарах хэрэгтэй.

